БОАЖ-ын Сайдын 2010 оны 5-р сарын
27-ны өдрийн А-157 тоот тушаалаар 2, А-158 тоот тушаалаар 3, А-159 тоот
тушаалаар 2, А-160 тушаалаар 59, нийт 66 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай
хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцаллаа.
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1, “Газрын тухай хууль”–ийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор ирүүлсэн улсын байцаагчдын дүгнэлтийг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан боловч сунгах хүсэлт гаргаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах гурвалсан гэрээ, эрхийн гэрчилгээ хүчингүй болж байна. эдгээрийн газар ашиглах эрхийг 2010 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож, гэрээний хугацааг дуусгавар болгоно.
Газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрчилгээг хураан авч, хуульд заасан хугацаанд газар чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага болоод Хан-Уул , Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Ажлын биелэлтэд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хяналт тавьж, хэрэгжилтийн байдлыг 2010 оны 7-р сарын 1-ний дотор танилцуулна.